MҮЭСТО-нд МАХН-ын “Онц их хурал” болж байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүд, дэмжигчиддээ хандан үг хэллээ.

Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна.


МАХН гэсэн бүтэн нэрээ авч үлдэхийн тулд бид таван жилийн өмнө “Онц их хурал”-аа хийж байсан юм.Энэ таван жил бидний хувьд тавин жилтэй адилхан урт хугацаа байсан. Бид энэ хугацаанд улс орныхоо өнцөг булан бүрт хүрч, ард түмэнтэйгээ амин холбоо тогтоож ажиллалаа.
90 жилийн түүхийг бид мартах эрхгүй. Тэр түүх Хувьсгалт гэдэг үгийн цаана байсан учраас бид МАХН гэсэн бүтэн нэрээ авч үлдсэн.
Бид таван жилийн хугацаанд хэлмэгдэж үзлээ. Гэхдээ бид хэнд ч өширхдөггүй, өшөө хонзонд автдаггүй. Тийм болохоороо бид АН-тай нэг Засгийн газарт орж ажиллаж байна.
Ардчилсан намтай хамтран ажиллаж байна.
Бид 10-хан суудалтай. Гэхдээ бид эвийг хичээж, өшөө хонзонг орхиж, өнөөдрийн төр засгийг бүтэн болгож төр засгийг нуруун дээрээ үүрэлцэж яваа.
Энэ дашрамд ард түмнээсээ хүлцэл өчье. Бид энэ хүнд хэцүү үед УИХ-д олонх болж чадаагүй. Тийм учраас ард түмэндээ амалж байсан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санаснаараа хэрэгжүүлж чадаагүй шүү.
Бид олонх болох юм бол улс орноо хөгжүүлэх чадвартай, түүхтэй нам. Чадна гэдгээ баттайгаар хэлье.
Гурван сая ард түмэн маань биднээс олон. Тийм учраас бид зөвхөн намаараа явцуурхаж болохгүй гэдгээ мэддэг. 
Өнөөдөр үүнийг өөртөө нэг сануулах гэж, эргээд ард түмэндээ ахиад сануулах гэж энэ арга хэмжээг нээж байна. Энэ нээлтийн цаана Монгол Улсын хөгжлийн ирээдүй нээгдэж байгаа .