МАХН-ын ээлжит бус Их чуулган энэ сарын 7-нд болж өнгөрсөн билээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүд, дэмжигчдэдээ “Монгол Улс бол Монголын ард түмэн” илтгэл тавьжээ. Илтгэлээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Нам улс төрийн бүлэглэлээс хараат шүүгчид намын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс хутгалдан оролцсон.

-МАХН сонгуульд орох вий, МАХН-аас нэр дэвшигч МАН, АН-ыг ялах вий гэдгээс МАН-ынхан, МАНАН-гийн  улс төр бизнесийн бүлэглэлийнхэн  үхтэлээ айж байгаа, ард түмний тархи толгойг эргүүлэхэд мэргэшсэн учраас МАХН-ын дүрэм мөрийн хөтөлбөр батлагдаагүй учраас сонгуульд орохгүй байж магадгүй гэсэн худлаа мэдээлэл тарааж байгаа учраас бид үүнийг няцааж, бид сонгуульд орсоор ирсэн. Бид цаашид ч орно.

Ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ дэмжлэгээр 2017 онд ялсан ч луйвардуулсан, гэхдээ бид бууж өгөөгүй, цаашдаа тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнөөс зориуд тэмдэглэн хэлж байна. МАХН бол МАН, АН-аас ялгаатай. Бид юугаараа ялгаатай вэ гэхээр тэд нэг юманд нэг янзаар хандана. Харин ард түмэнтэйгээ хамт ч бид албан тушаалын тоогоороо ялгаатай. Тийм ээ бидэнд тийм их өв хөрөнгө байхгүй. Гэхдээ бидэнд тэр өв хөрөнгөөс илүү үнэтэй юм байгаа. Тэр нь улс орноо хямралаас гаргах гарцыг олж харсан, алсын хараатай нам гэдгээрээ ялгаатай юм.

-Бид үнэхээр амаргүй цаг хугацааг туулж ирсэн.  Хамгийн гол нь бид бууж өгөөгүй. Яагаад гэвэл бидний үзэл баримтлал үнэн зөв юм. Тухайлбал, 2018 онд социал демократ үзэл баримтлалыг өөрөөр хэлбэл МАХН-ын үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой болсон. МАХН-аас энэ ойг тэмдэглэж, түүний бүтээл, үзэл санааг өнөөдрийн Монголтой яаж уялдуулах талаар хэлэлцсэн байгаа.

Карл Марксаас “Аз жаргал гэж юу” болох талаар асуухад тэрээр “Аз жаргал бол тэмцэл” гэж хариулсан байдаг.  Тийм учраас та бидний аз жаргал бол тэмцэл юм. Гэхдээ өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөөх тэмцэл юм.  Тэр тэмцэл бол заавал ялдаг тэмцэл билээ.

-Төр эзэнгүй байна гэж шүүмжилж байна. Хариуцлагагүй намуудаас салъя гэж хүсч бүр шаардаж байна. Тийм ээ, өнөөдөр Монгол Улсад улс төрийн ган болсон байна. Хариуцлагагүйн ган нүүрлээд байна. Сүүлийн 26 жилийн турш Монголд энэ ган тогтоод байна. Ард түмэн мэргэн учраас үүнийг олж хэлж, мэдэрч байна. Хариуцлагагүйн ган гэж юу юм бэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль луйврын сонгууль болсон. Сонгуулийн Ерөнхий хороо МАНАН-гийн улс төр, бизнесийн бүлэглэлийн даалгавраар хийх ёсгүй юмаа хийлээ.

-Цагдаа, хууль шүүхийн байгууллага манай намын эсрэг ажиллаж байсан. Цагаан сонголтын тухай ярьж ард иргэдтэй уулзаж байхад баривчилж байсан.  Саатуулж, машиныг нь хурааж өмч хөрөнгөд халдаж байсан.  Биед нь эрхэнд нь халдаж байсан. Энэ Сонгуулийн хороо хэзээ ч  сонгуулийг шударга явуулж чадахгүй гэдгээ олон сонгуулиар нотлон харуулсан.  Гэхдээ бид бууж өгөөгүй. Ард түмэнтэйгээ хамт явсаар, тэмцсээр байгаад заавал ялна гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.

Бид хэзээ ч оффшор дансанд ард түмнээсээ мөнгө  нуухгүй, Монголд ашиггүй гэрээ байгуулж болохгүй. Энэ бүхнийг бүрэн ойлгосон. Тиймээс бид тэмцэж байгаа юм. Тийм учраас бид  бууж өгөхгүй байгаа юм.

-Намын гишүүн хүн бол бусдыг боддог. Жирийн гишүүн бол өөрсдийгөө боддог. Та намын гишүүн болж, намын албан тушаал авсан бол өөрийгөө биш бусдыг боддог, өрөвддөг, бусдын төлөө зүтгэнэ гэж шийдсэн хүн байх ёстой гэдгийг би зориуд анхааруулан хэлмээр байна.

-Хувьсгалыг заавал буу шийдмээр хийдэггүй. Хувьсгалыг оюун ухаанаараа хийж болно. Зүтгэлээрээ, итгэлээрээ хувьсгалыг хийж болно. Хувьсгалыг мартсан, хувьсгалыг хаясан, хувьсгалаас айсан хүмүүсийн ам, ажил хоёр нь зөрдөг юм аа. Тиймээс бид хувьсгал гэдэг үгнээс айхгүй байна. Бид бас бүтэн нэрнээсээ айхгүй байна. Бидний зүгээс өнөөгийн нийгмийн гаж тогтолцоог бий болгосон өнөөгийн үндсэн хуулийг Дээд хуулиар солих нь зүйтэй хэмээн үзэж байна. Дээд хуулийн гол утга агуулга бол ард түмнээ дээдлэх үзэл юм.

-Бидэнд унтах, амрах зав алга. Бид ажиллана. Ард түмэн дээрээ очно. Хаана монгол хүн зовж байна, тэнд МАХН очих болно. Тэнд МАХН-ын гишүүд байх болно. Бид юуг хүсэж байна вэ. МАН, АН-ын олигархиудыг айлгаж байгаа зүйлийг хүсээд байгаа юм. Тэр нь юу юм бэ гэж үү. Байгалийн баялгаа нийт иргэддээ үнэгүй өмчлүүлнэ. Залуучуддаа бүгдийг нь дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй ажилтай болгохыг хүсч байна.

эх сурвалж: newspress.mn